За сайн байцгаана уу? Сайхан амарцгааж байна уу? Мэдээ оруулаагүй тун удаж, оруулах зүйл олдохгүй болоод ч тэр үү бүү мэд. Энэ удаад та нарт өөрийн ганц сонсдог болоод байгаа хамтлаг болох Их Британийн алдарт Кин хамтлагийг товч танилцуулья гэж бодлоо. Энэхүү хамтлагийг сонсдог болоход яах аргагүй нөлөөлсөн нэг хүнд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. "Everybody's changing"-ээр зогсохгүй төгс бүтээлүүдийг энэхүү хамтлаг бүтээсэн. Ингээд тэдний талаар товчхон дурдвал: Кин хамтлаг нь 1995 онд Английн зүүн өмнөд хэсэгт орших Ийст Сасекс хотод байгуулагджээ. Тэд 1997 онд одоогийн Кин нэрээр хамтлагаа нэрлэжээ. Хамтлаг нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч болон басс хөгжимчин Тим Райс-Оксли, гоцлол дуучин Том Чаплин болон бөмбөрчин Ричард Хюгес гэсэн 3 гишүүнтэй. Хамгийн анх тэд 4 гишүүнтэй байсан боловч хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг гитарчин Доминик Скот 2001 онд хамтлагаасаа гарчээ.Тэд гоцлол хөгжмөөрөө гитарны оронд даралтат хөгжмөөр тоглодог мөн олон төрлийн хөгжмийн электрон эффект ашигладгаараа бусад рок хамтлагуудаас ялгардаг. Тэднийг бараг “Пиано Рок” урсгалыг үндэслэгчид гэхэд хэлсдэхгүй болов уу? Учир нь тэд 2004-2005 онд гаргасан цомогтоо уг урсгалын дуунуудыг голцуу багтаасан. Тэр ч бүү хэл уг цомгийн сүүлийн дуунуудад банжо, хийл, саксафон болон акустик гитаруудыг өргөн хэрэглэжээ. Кинийн анхны 2 цомог болох “Итгэл ба Айдас” болон “Төмөр тэнгисийн ёроолд” цомогууд нь гарсан даруйдаа Их Британи болон хилийн чанадад борлуулалтаараа тэргүүлсэн. Тэдний “Итгэл ба Айдас” цомог нь 2004 оны Их Британийн шилдэг цомог болсон нь тэдний хүртсэн хамгийн анхны шагнал нь байлаа. Тэд 2004 онд “Итгэл ба Айдас”, 2006 онд “Төмөр тэнгисийн ёроолд” хамгийн сүүлд буюу 2008 онд “Төгс тэгш хэм” цомгуудыг сонсогчиддоо бэлэглэсэн. Та нарыг сонсоод үзэхийг зөвлөе. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.
No comments:
Post a Comment