Амар байцгаана уу? манайхаан, ялангуяа АНУ-ын Иллиной мужын Чикагод байгаа Баянмөнх түүнчлэн БНСУ-д байгаа Тэмүүлэн нартайгаа өчигдрийн гайхалтай үдшийн уур амьсгалыг хуваалцхад таатай байна. Өчигдөр буюу 2010 оны 12-р сарын 22-ны өдөр МУИС-ын ФЭС-ийн шинэ жилийн цэнгүүн алдарт Метрополист болж өнгөрлөө. Манай ангийнхны хувьд хамгийн сүүлийн жил болоод ч тэр үү бараг л бүрэн бүрэлдхүүнээрээ орсон. Миний бие бусад хүүхдүүдийн л адилаар сургуулийн "парти"-г тэсэн ядан хүлээж байсныг нуух юун. Гэвч миний уг цэнгүүний тухай оюун санаа, төсөөлөлдөө боловсруулсан гайхалтай шинэ жилийн уур амьсгалыг амьдрал дээрхи жинхэнэ нь үнэндээ гүйцээгүй. Гэсэн ч ямарваа нэг зүйл хоёр талтай байдгын ачаар мэр сэр сэтгэл догдлуулсан зүйлс ч тэр үдэш байсанд би баяртай байна. Хамгийн сүүлийн гэдэг утгаараа олон ч юмыг бодогдуулж амжсан өчигдрийг дүгнэх, хамгийн зөв шийдлийг олох зорилготой, өөрийн бодол дээр тулгуурласан түүнчлэн өчигдрийн үдшээс төрсөн сэтгэгдлээ базан уг нийтлэлээ бичлээ. Хамгийн гол нь би цэцэрхэх гээгүй юм шүү ... Залуучууд маань нэгийг бодож юм юмаа зохицуулж нэг амьдрахдаа сэтгэл хангалуун, эрх чөлөөг мэдэрч амьдраасай гэж хүсэж байна. Тиймээс хэн нэгэн нь эмзэгээр тусгах хэрэггүй.
Party Animal уу? (-3)-ын холын харааны шил үү?
Орой гэртээ ирээд унтхын хооронд олон ч юм бодогдож олон ч асуултуудыг өөртөө тавиад амжсан. Бодвол залуучууд бүхэн миний л адил ирээдүйгээ зөгнөн өөрөө өөрөөсөө нэг зүйлийг хайж, олж чадахгүй нь бухимдаж харин чадсан нь дараагийн эрэлдээ гардаг байх. Клабын хурц гэрэлд доргисон залуусыг харан мөн дунд нь орон тэдэнтэй нийлэх үед өөрөөсөө эхлэн залуучууд за тэгээд улс орныхоо тухай янз янз бүрийн л бодол хөврүүлэн байлаа. Хүн ганц тохиох залуу насаа тэр тусмаа хамгийн гайхалтай, жаргалтай хэмээн аав ээж болон ах эгч нарын маань дурсдаг насаа ер нь хэрхэн өнгөрүүлэх ёстой юм бол? Орой бүр паб эсвэл клабд зугаацах уу? эсвэл хичээлээ тараад шууд гэрийн зүг ум хумгүй арилж, өдөржингөө ном шагайж эцэст нь зузаан гэгч нь линзтэй "дөрвөн нүдтэй" хөгийн амьтан болох уу? 4 жилийг хичээл номны араас өнгийхгүй өнгөрүүлж үлдсэн хугацаандаа сайхан амьдрахыг хүсдэг нэг нь байхад тус 4 жилийг хайрлаж, дурлаж дорвиун залуу насаа мэдэрч өнгөрүүлхийг хүсдэг нэг нь бас байна. Үр дүнд нь хэн нь хожоотой гарах бол? Би үүнийг хэлж мэдэхгүй. Гэсэн хэдий ч хүн нэг амьдрахдаа эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө байдгаа тавьж зүтгэх нь яаж ч бодсон тэнэг хэрэг. Хамаг мөнгөө хураачихаад хүсээд байсан эрх мэдлээ олчихоод сая зугаа цэнгэл, хайр дурлалруугаа анхаарал хандуулах гэж байгаа бол энэ нь тэнэг хэрэг. Чамд залуу нас хэзээ ч эргэж ирэхгүй, чам шиг үрчийсэн өгзөгтэй, мөнгөтэй өвөөг ямар ч охин эргэж харахгүй л байх харсан ч тэд мөнгийг чинь саах гэсэн "зодоончид" байх болно. Иймээс хайрлаж дурлаж, дэггүйтэх насандаа л энэ бүгдээ хийцгээе. Ядаж дараа нь дурсахад ч гэгээтэй. Ямар ч зүйлийг хэтрүүлэх нь хүнд хамгийн муухай мэдрэмжийг төрүүлдэг. Өдөр болгон шоу, хоолой хорсгосон тамхины утаан дунд байна гэдэг хэцүү. Чи өөрийн байр суурь, нэр хүндээ алдаж байгаагаа өдөр ирэх тусам мэдрэх чамд ямар байх уу? Ийм бодол орж ирэх зуур аманд өөрийн эрхгүй Quiza - Party Animal хэмээх дуу аманд аялагдаж раймуудыг нь санахыг хичээж байлаа. Миний хэлэх гэсэн үг энэ дуунд бүгдээрээ байгаа учир үүнийг дахин дахин ярих хэрэггүй биз ээ. Сонсоогүй нэг нь сонсмоор байвал энд дар.
Метрополис уу? Оюутны зөвлөл үү?
Мөнхөөтэй 16:00 цагийн орчим уулзаж замаараа Мэрси болон Танхилаа нарыг авч МУИС-ын зүг хөдөлсөн. Тэндээ Билгээ болон Батсүх нартай нийлэн Метрополис гээчрүү нь явлаа. Бид 17:30-аас эхлэх цэнгүүнд 40 орчим минутаар хоцрон очсон ч хаалгаа ч нээгээгүй үүдэнд нь хэдэн бээрсэн оюутнууд доороо дэвхцэн байсан нь инээдтэй ч юм шиг. Жил болгон дор хаяж нэг цаг орчмоор хоцорч эхэлдэг шинэ жилийн цэнгүүн энэ удаад ч уламжлалаа хадгалсан юм. Ингэхийн шалтгаан юу байдаг юм бол? бодоод олдоггүй. Харин 5 цаг орчим үргэлжлэх ёстой үдэшлэг 2 цаг хүрэв үү үгүй юу дууссан нь надад төдийгүй нийт оюутнуудад хардлага төрүүлдэг байх. Дээд тайз дээр гарч болохгүй, наана нь унах шахан чихэлдэн бүжиглэж, хар хувцастай хамгаалагч нараар том дуугаар зандруулж нэгэн шинэ жилийг өнгөрүүлсэн нь энэ. Хяналтын зөвлөлийнхөн шударга ажилладаг бол ОЗ-ын нэг хурал дээр энэ талаар сөхөж учрыг нь олох байлгүй дээ. Ямартай ч оюутнуудыг гадаа өвлийн -27 хэмд зуны гуталтай 30-40 минут зогсоосон нь Метрополис уу? манай "чухалууд" болох ОЗ-ийнхөн үү гэдгийг бодоод олдоггүй.
Зиа ингээд баахан шүүмжлэл, асуудал хөндөн бичсэн нийтлэлээ өндөрлүүлье. Гэвч миний өмнө хэлсэнчлэн муугаасаа дутахааргүй олон гоё зүйлс зөндөө болсныг дахин дуулгахдаа таатай байна. Үнэхээр болохгүй байгаа зүйлсийг хараад зүгээр сууж чадахгүй. Гэсэн ч нийтлэлээрээ хэлэх гэсэн зүйл маань Party Animal ч биш нүдний шилтэй хөгийн амьтан ч биш байхын төлөө "гоё" байцгаая!!! Нэмээд хэлхэд залуу нас тэр тусмаа оюутан насанд анхны хайр, сайхан нөхөрлөл, гэнэхэн ухаарал, баяр жаргал бас тэгээд жаахан нулимс гээд бүгд багтдаг юм шүү. Магадгүй би ингэж хэлж үзээгүй л байх. Иймээс нийтлэлээ оюутан насны сайн мууг хамтдаа үзсэн АНГИЙНХАНДАА ХАЙРТАЙ ШҮҮ!!! гэдэг үгээр өндөрлүүлье.
АНГИЙНХАНДАА ХАЙРТАЙ ШҮҮ!!!
No comments:
Post a Comment