Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд нилээдгүй хугацаа өнгөрчихлөө. Зуслан дээрээ хөлбөмбөг үзээд л компьютер, интернэт хоёроос их хол байсан болоод ч тэр үү мэдээ оруулсангүй их удлаа. Шөвгийн тоглолтууд үнэхээр сайхан болж байна. Мэдээж миний хайртай Английн шигшээ баг гутамшигтайгаар хожигдож нутгын зүг залсан. Нүдэндээ нулимстай, дотроо шартай, ууртай үзэж суусан тэр тоглолт саяхан байсан. Гэтэл Англичүүдийг буулгаж авсан Германчүүд өчигдөрхөн домогт Марагаар удирдуулсан Аргентинчүүдийг бас л уйлуулчихлаа. Герман баяр хөөрөөр дүүрэн дэлхий аварга болж байх шиг байна. Надад одоогоор дэмжих баг үлдсэнгүй дээ. Японыг Азийн сүүлчийн төлөөлөл болохоор нь мөн ч их дэмжсэн. Сайн ч тоглосон Парагвайтай сайхан ч хожигдсон. Хожигдлоос илүү хожил нь үнэтэй байсан ч болох юм болдогоороо л боллоо. Хамгийн харамсалтай гэмээр зүйл гэвэл саяхан болсон Африк тивийн сүүлчийн төлөөлөл Гана, Уругвайд азгүй ч гэмээр хожигдсон явдал байлаа. Мэдээж тэр тоглолтын баатар бол Суарез байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Алтан гар ч гэж нэр өгмөөр тэрхүү агшин үнэхээр азгүй явдал байсан билээ Ганачүүдийн хувьд. Бөмбөг Ганын талд байгаагүй ээ. Ээдрээтэй гэмээр асуудал үлдэж байгаа нь хэн Дэлхийн аварга болох вэ? Ууг нь Бразилчүүдийг итгэл төгс дэлхийн аваргыг дахин өргөөд Хэксакампион (Hexachampion) гэдэг нэгэн шинэ нэрийг дэлхийн хөлбөмбөгийн түүхнээ нээх болов уу гэж бодсон ч харамсалтай Улбар шарууд тэр тусмаа Снайждер тэдэнд саад болсон. Үнэхээр дэмжих ч баггүй, хэн нь ч аварга болж мэдэхээр сайхан дэлхийн аварга болж байна. Харин Мирослав Клозе бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх сайхан боломж нээгдэж байгаа юм. Тэрээр 14 гоалтай Бразилийн манайхны туулай гэж нэрлэдэг Роналдогийн ард удаалж байна. За хамтдаа бүгдээрээ юу болохыг цаашдаа хамтдаа харцгаая.
No comments:
Post a Comment