Сайн байцгаана уу? манайхаан. Өнгөрөгч шөнө дэлхий дахинд хөлбөмбөг гэгч хамгийн агуу спортыг бэлгэлсэн "Будант Альбион"-чууд буюу Английн шигшээ баг Жэрмэйн Дэфогийн цорын ганц гоолын ачаар хэсгээсээ хоёроор шалгарсан бол нөгөө талд Америк мөрөөдлийг биелүүлэгч Лос-Анжелесийн унаган хүү Лэндон Донованын 90+1 дэх минутад хийсэн гоолоор Нэгдсэн улсын шигшээ мөн хэсгээс нэгээр шалгарлаа. Бүх Америкчууд төдийгүй дэлхий нийтэд баяр хөөрийг бэлгэлсэн гоолын эзэн Лэндон ДОНОВАН-д баярлалаа!!!
Холбоотнуудын баяр үргэлжлэх зуур Словени болон Алжирчууд уйтгар гунигийн хөлгүй далайд умбасан нь мэдээж биз ээ. Чех, Польш, Словак болон ОХУ зэрэг гарал угсаа нэгт хүчирхэг Славуудаа ардаа орхин Африкийн хөрснөө хөл тавьсан Словени улсын шигшээ баг нь энэ удаад миний танилцсан шинэхэн багуудын дотроос яах аргагүй онцлох нь байсан. Европын даруухан клубуудын түлхүүр тоглогчид энэ багийг бүрдүүлсэндээ ч тэр үү багийн сахилга бат хангалттай сайн байсан юм. Хүчирхэг ОХУ-ын шигшээгийн хаалганд хоёр гоолдсон Златко Дедич, Вэст Бромвич Албионы ахлагч Робэрт Корен болон Лукас Подолскитой мөр зэрэгцэн Немцийн шилдгүүдтэй Бундеслигийн талбарт хүч үздэг Миливоеэ Новакович нарын шилдгүүд Словени гэгч агуу үндэстнийг төлөөлөн нэр төртэйгөөр тэмцсэн нь энэ байлаа. Миний хөлбөмбөгийн мэдлэгийн санд шинээр мэндэлсэн Словени улсын шигшээд баярлалаа!!!
Нэгэнт С хэсгээс АНУ нэгээр, Англи хоёроор шалгарсан учир D хэсгийн ялагчдаас хамааран шөвгийн 16-ийн оноолтоо сонсох болсон. Энэ үед Германы шигшээ баг Ганыг, Түрэг гаралт Мэсүт Өзилийн гоолын ачаар буулган авч хэсгээс нэгээр шалгаран Ням гарагын 22:00 цагаас хүчирхэг Английн шигшээ багийн эсрэг тоглох болзлоо хангасан юм. Энэ нь Немцүүдийн тоосыг гөвөх сайхан завшааныг бидэнд олгож байгаа ч мөн байж болох хамгийн том эрсдлийг агуулж байгаа билээ. Харин АНУ-ын шигшээд харьцангуй амар даалгавар таарж Ганын шигшээгийн эсрэг тоглох болсон.
Миний хувьд Сербийн шигшээ багийг шөвгийн 16-д оруулах гээд дийлсэнгүй. Энэ удаад Сербийн шигшээг цахиур хагалах багаар мэргэжилтнүүд зүй ёсоор нэрлээд байсан ч Германыг хожин авсан гурван онооноос өөр зүйлийг тэд хэсгээсээ салгаж чадалгүй Белградын зүг жолоо залсан.
Миний хувьд Герман орныг хүндэлдэг, шүтдэг, бишэрдэг боловч Англиаас дээгүүр тавьж байсан нь үгүй. Хөлбөмбөгөөр зогсохгүй бүх салбарт хэзээд ширүүн өрсөлдөн бие биенээ үгүйсгэдэг Англи болон Герман улсууд нь Ням гарагын орой нэг ч болтугай асуудлаа шийдэх боломжтой боллоо. Хэсгийн тоглолтуудаас харахад хоёуул үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтуудыг хангалттай сайн үзүүлж чадаагүй. Гал устай, хар цагаантай, ОХУ АНУ-тай харшилддаг шиг Герман болон Англичууд хоорондоо харшилддаг юм. Гэвч Англичууд бол Англичууд юм шүү. Тэд яах аргагүй Европт номер нэг байх ёстой үндэстэн мөн билээ. Иймээс урагшаа Англичуудаа!!!
COME ON ENGLAND !!!
No comments:
Post a Comment