Төслийн зорилго: Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтыг монголын үндэсний компаниуд гардан гүйцэтгэх боломжийг нээх, ашиглах.
Төслийн уриа, слоган: Монголчууд хамтдаа бүтээж чадна!
Төслөөс хүлээгдэж байгаа үр дүн:
- Монголын баялгийг монгол хүн боловсруулж, бүх ашиг монголдоо үлдэх болно. Хуваарилагдсан ногдол ашгийн 70 хувиас доошгүй нь монголын эдийн засагт орно.
- Монголчууд дэлхийн хэмжээний том төслийг бие даан хэрэгжүүлэх чадвар, дадал сууж, ажлын байр эрс нэмэгдэн, ДНБ, хүн амын цалин орлого эрс дээшилнэ.
- Монгол хүний үндэсний бахархал өсч, үнэлэмж нэмэгдэх болно.
- Монголын бизнес, эдийн засгийн орчин дэлхийн харилцаанд эн тэнцүү эрхтэйгээр нэгдэн нийлж интеграцичилагдана.
Төслийн ерөнхий танилцуулга:
Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад үндэсний компаниудыг хамтран оролцохыг уриалсныг монголын татвар төлөгчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид талархан хүлээн авч “Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдлийг байгуулж байгаагаа тунхаглаж байна.
Үүсгэн байгуулагчид энэ нэгдэлд нэгдэн нийлэх боломжийг нээлттэй байлгаж байгаа бөгөөд одоогоор 700 гаруй компани нэгдээд байна.
Нүүрсний уурхай ажиллуулах, баяжуулах, борлуулах нь монгол хүний олон жилийн турш хийж, чадаж ирсэн ажил билээ. Үндэсний компаниудын нэгдмэл хүч, оюун ухаан туршлагаар бид эх орныхоо баялгийг иргэн бүрт ашгаа өгөх, улс орны хөгжлийн хөдөлгүүр, хурдасгагч болгон хувиргахын тулд Тавантолгойн орд газрыг ашиглах операторын сонгон шалгаруулалтанд оролцох гэж байна.
Тавантолгойн орд газрын ашиглалтанд оператороор оролцох саналаа Засгийн газарт одоогийн байдлаар Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын КОРЕС консерциум, АНУ-ын “Пибоди Энэржи” - БНХАУ-ын “Шинхуа Энержи” хамтарсан консерциум, Японы “Сожиц” консерциум, Швейцари-Австралийн “Экстрата” компани, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг, БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп орд танилцуулаад байгаа юм.
“Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэл тэдэнтэй ижил нөхцлөөр өрсөлдөх болно. Ингэхдээ Төр – иргэн - үндэсний үйлдвэрлэгчид гэсэн гурвалсан холбоогоор үйл ажиллагаагаа зохицуулж, хэрэгжүүлэх болно. Энэ нь нээлттэй тунгалаг засаглал, ил тод байдлыг дээд зэргээр хангасан ҮНДЭСНИЙ ТӨСӨЛ байх юм.
Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тал 0,5-2 тэрбум долларын урьдчилгаа төлбөрийг төлсөн байх гэсэн болзол тавьж байгаа. “Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэл ч гэсэн энэ болзлыг ханган биелүүлэх нөхцлөөр шалгаруулалтанд оролцоно.
Мэдээж бидний саналыг сонссон хүн бүхэнд “та нарт ийм том ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө мөнгө байгаа юм уу?” гэсэн асуулт эхний ээлжинд төрнө. Тавантолгойн ашиглалтанд оролцохоор саналаа ирүүлсэн аль ч талд төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн хэмжээний хөрөнгө бэлэн байхгүй. Тэд ч гэсэн, бид ч гэсэн энэ мөнгийг хөрөнгийн зах зээл дээрээс л татах болно. Бусдын чаддагийг монгол хүн хийж чадах л болно. Монголын баялгаар хөрөнгийн зах зээлээс хангалттай мөнгө татаж чадсан бэлээхэн жишээнүүд байна. Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхай, Өмнөговь дахь Овоот толгойн уурхайнууд Хонгконг, Торонтогийн хөрөнгийн биржээс төсөл хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэх хөрөнгийг татаж чаджээ. Бид ч чадах болно.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хонгконгийн Хөрөнгийн биржийн дарга Роналд Аркуллитай уулзахдаа “Хонконгийн хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцааг гаргах, уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаалахад хөрөнгийн биржийг ашиглахыг чухалчилж” байгаагаа дурдсан нь бидний арга замыг тодорхойлж байгаа хэрэг мөн. Хонконгийн Хөрөнгийн биржийн захирал Роналд Аркули ч “Монголын үнэт цаасыг өөрийн биржээр дамжуулан худалдаалах” хүсэлтэйгээ илэрхийлсэн нь боломж байгааг илтгэнэ.
“Монгол 999+” Үндэсний компаниудын нэгдэлд нэгдэж байгаа талууд тус бүр 1 сая төгрөгийг Үндэсний төслийг хэрэгжүүлэх дүрмийн санд оруулах юм. Энэ хөрөнгөөр Үндэсний төслийг сурталчлах, хөрөнгийн бирж дээр гаргах Монгол 999+ нэгдлийн IPO(initial public offering) хийлгэж, гадаадын нэр хүнд бүхий үнэлгээ, шинжилгээний мэргэжилтнүүдийг ажиллуулах зэрэгт зарцуулах юм. Товчхондоо төслийг боловсруулах шатны зардлыг нээлттэй, шударга, олонхийн оролцоотой хэлбэрээр хийх гэж зорьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнчлэн монголчууд та бид хамтдаа чадна.
Мэдээний эх сурвалж: http://www.mongol999.mn
No comments:
Post a Comment